Дардан ч гэлээ харанхуй байж мэдэх замд чинь
Дандаа биш ч гэлээ үнэнчээр гэрэлтэх
Хамгийн тод биш ч гэлээ амь тавьдаггүй
Хагархай бүрхүүлт чийдэн байюу л гэсийм
2007.3.25
ЯМАР үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яагаад тийм үед шөнийн шувууд чив чимээгүй жиргэдэг,
Ямар цаг нь ирэхээр бүх хүн дуулж бүжиглэдэг,
Ямар гээчийн үүр цайхад бүсгүйчүүд унтаагүй атлаа сэрдэг гэж?
Яагаад амьдрал ийм хөнгөхөн атал цөмөөрөө гунигт автдаг,
Ямар салхи гараад гэнэт үхмээр санагддаг,
“Яагаад заавал үхэл...?” гэдгийг нь хэн ч бодож эргэцүүлээгүй мөртлөө
Ямар замаар од руу нисч болохыг зүүдэлцгээдэг гэж?
Яг ямар үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яасан гэж,юуны шагналд, эсвэл нүгэлтэй юу тарьсныхаа
Ял зэмийг амсах гэж энд бид ирдэг,
Янзыг маань үзэх гэсэн мэт Нар юунд манддаг гэж?
Яагаад бид цөлөгдмөл,хаягдмал,хоригдмол амьтад хэрнээ инээмсэглэдэг,
Ясаа янгинатал өвдөх үед ч хэн нэгнийг бодож чаддаг,
Ямар ид шидээр ийм хүч чадлыг олчихоод, дараа нь...
Яагаад алдчихдаг гэж?Хариулт нь хаанаас урсч гардаг...
Яг л нулимс шиг урсч...Гэхдээ нулимс яавч биш...
Яавч нулимс биш...Магадгүй, зүрх өөрөө дотроос ундарч...Аяа!
Ямар үед амьдрал хэцүү, бас амархныг эргэцүүлэх утгаа алднам.
2007.5.30
Нэргүй шүлэг
Өвс найгахыг ажин өдөржин алхлаа
Үснийхээ хийсэхийг харсангүй...би
Шувуудын жиргээг шөнөжин сонслоо
Наргүй тэнгэрт хэрээний мөр л үлджээ...
Гүүрэн дээгүүр хүмүүс
Гүүрэн доогуур гол мөрөн...
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь
Чулуу шидэн тоглодог бол одоо түүнийг ширтэн сууна
Он оны өмнөх улаан цэцэгс одоо ч шаргалаарааг мэдрэнэ
Он оны дараах дулаан амьдрал одоо ч хуучнаарааг ухаарна
Оршихоон байгаад уджээ... би
Өглөөхөн өвсний толгойд шүүдэр буусан гэхээр л
Өөртөө дуу аялах минь гэнэн санагдана
Худгаас ус авахдаа хуруугаа жиндүүлээд ирэхэд л
Хацартаа наахад чинь уйлахгүй байж чадсангүй ээ, ээж ээ
Хүүхэд байхдаа тарьсан цэцгээ надад
Үлгэр хэлэхдээ л хураачихсан юм уу...
Бөөрөнхий төрөл төрөгсөд
Гурвалжин санаа гаргана
Дөрвөлжин гомдол төрөхөд
Хавтгай хорсол зангирна
Цагариган төрөл төрөгсдөөс
Нэг нь л чиний дайсан
Цаашаа харах хойгуур
Нуруу руу зөөлхөн цохино
. . .
Амьсгал хураасан цэл залуу навчсын
Араас нь уйлахад модод дуугаа хураанам
Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахад л
Сайхан юм гэдэг дэргэд байдгийг ойлгон
. . .
Л.Өлзийтөгс 1998