ЯМАР үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яагаад тийм үед шөнийн шувууд чив чимээгүй жиргэдэг,
Ямар цаг нь ирэхээр бүх хүн дуулж бүжиглэдэг,
Ямар гээчийн үүр цайхад бүсгүйчүүд унтаагүй атлаа сэрдэг гэж?
Яагаад амьдрал ийм хөнгөхөн атал цөмөөрөө гунигт автдаг,
Ямар салхи гараад гэнэт үхмээр санагддаг,
“Яагаад заавал үхэл...?” гэдгийг нь хэн ч бодож эргэцүүлээгүй мөртлөө
Ямар замаар од руу нисч болохыг зүүдэлцгээдэг гэж?
Яг ямар үед амьдрал хэцүү,бас амархан байдаг гэж?
Яасан гэж,юуны шагналд, эсвэл нүгэлтэй юу тарьсныхаа
Ял зэмийг амсах гэж энд бид ирдэг,
Янзыг маань үзэх гэсэн мэт Нар юунд манддаг гэж?
Яагаад бид цөлөгдмөл,хаягдмал,хоригдмол амьтад хэрнээ инээмсэглэдэг,
Ясаа янгинатал өвдөх үед ч хэн нэгнийг бодож чаддаг,
Ямар ид шидээр ийм хүч чадлыг олчихоод, дараа нь...
Яагаад алдчихдаг гэж?Хариулт нь хаанаас урсч гардаг...
Яг л нулимс шиг урсч...Гэхдээ нулимс яавч биш...
Яавч нулимс биш...Магадгүй, зүрх өөрөө дотроос ундарч...Аяа!
Ямар үед амьдрал хэцүү, бас амархныг эргэцүүлэх утгаа алднам.
2007.5.30
This entry was posted on 5:30 PM
and is filed under
Ayurzana
.
You can follow any responses to this entry through
the RSS 2.0 feed.
You can leave a response,
or trackback from your own site.
0 comments:
Post a Comment