right_side
Showing posts with label Khangal. Show all posts
Showing posts with label Khangal. Show all posts
In:

Нэргүй шүлэг

Өвс найгахыг ажин өдөржин алхлаа
Үснийхээ хийсэхийг харсангүй...би
Шувуудын жиргээг шөнөжин сонслоо
Наргүй тэнгэрт хэрээний мөр л үлджээ...

Гүүрэн дээгүүр хүмүүс
Гүүрэн доогуур гол мөрөн...
Гүндээ хүсэл мөрөөдлийг живүүлнэ
Гүехэн байгаа даа, ганцаардал минь

Чулуу шидэн тоглодог бол одоо түүнийг ширтэн сууна
Он оны өмнөх улаан цэцэгс одоо ч шаргалаарааг мэдрэнэ
Он оны дараах дулаан амьдрал одоо ч хуучнаарааг ухаарна
Оршихоон байгаад уджээ... би

Өглөөхөн өвсний толгойд шүүдэр буусан гэхээр л
Өөртөө дуу аялах минь гэнэн санагдана
Худгаас ус авахдаа хуруугаа жиндүүлээд ирэхэд л
Хацартаа наахад чинь уйлахгүй байж чадсангүй ээ, ээж ээ
Хүүхэд байхдаа тарьсан цэцгээ надад
Үлгэр хэлэхдээ л хураачихсан юм уу...

In:

Бурхан

Мөнхийн асуултыг чинь олохоор
Мөрөөдлөө хүүдийлж одлоо
Ертөнцийн аглагт хана ширтсээр зүрхээ зогсоох цагт
Ерөөс харцанд минь инээмсэглэл тодорч
Цас будрана
Санаа алдахаар дурсамжаа уудлах аяст
Сарны гэрэлд тохиосон бүхэн хийсэн оджээ
Зүүднээсээ хагацаж ядахдаа л жамыг дагаж
Ижийдээ захиа бичнэ
Ирэх хавар цэцэг дэлгэрэх тухай хүүрнэнэ
Тариа тарьж, талх иднэ
Тахиа тэжээж, өндөг шарна
Амьдралын өнгө шаргалтахыг ч анзааралгүй намаржина
Гол усны чимээнд зөөлрөн сууна
Шувуу өт зуун нисэхийг үзнэ
Өвс найгахад уярна
Өрөөндөө мөнхрөхөөр явлаа би
Өлмийд минь цэнхэр чулуу торсоныг
Хүүдээ өгөхөөр хадгална
Мөнхийн асуултын нэгэн хэсэг гэж тайлбарлана...

In:

Эрх чөлөөг үзэн ядахуй

Алгаа хацартаа наагаад цурхиртал уйлмаар
Адгасан мэдрэмж дахиад л төрлөө
Хараад л баймаар харагдааад л суумаар
Хайрлаад л дуусмаар
Бусдын мөрөөдлийг гудамжнаас олбол
Чиний амьдралаас асуух юм даанч их байна
Нүдээ аниад л хүүхэд насаа мэдрэхсэн...
Уртаар амьсгалмаар, шар үсээ салхинд хийсгэмээр санагдана
Газар доороос дуулдах ганцаардлын дуугаа аялсаар
Гавъяа шагналаар зүрхээ будагсадтай цуг
Гал голомтод чинь багтах хүсэлгүй би
Нүдэнд үзэгдэхгүй ногоон ургамалтай өрөөнд
Нүдээ анилгүй зүүдэлж сурахыг л хчээнэ
Анхных шигээ инээмсэглэлээрээ догдлуулбал чинь
Алхан одно оо, өөрөөсөө..
Алгаа хацартаа наагаад л амьдарлаас
“Хүн” байхаа болих эрх чөлөөг олно оо